logo

МОНГОЛ НУТАГ ДАХЬ ХҮРЭЛ, ТӨМӨР ЗЭВСГИЙН ҮЕ

(НТӨ XXVII - VII зуун )

Нийтийн Тооллын өмнөх гурван мянган жилийн тэртээх үеэс Монгол нутагт байсан нүүдэлчин овог аймгууд хүрэл эдлэлийг хэрэглэх болжээ. Энэ үеийг “Хүрэл зэвсэг”-ийн үе хэмээн нэрлэдэг. Зэсийг хорголжинтой нийлүүлэн хүрлийг гаргаж авсан нь технологийн хувьд дэвшил байсан төдийгүй хүрлээр хийсэн багаж зэвсэг илүү бат бөх эдэлгээ удаан болжээ. Багаж зэвсгийн чанар сайжрахын хэрээр үйлдвэрлэх хүчний ялгаа бий болж нүүдэлчдийн нийгэм, аж ахуй, соёлын өөрчлөлтөд чухал хэд хэдэн дэвшлийг авчирсан ажээ. 

Монгол нутагт хүрэл, төмрийн үеийн нүүдэлчдийн олон янзын соёл зэрэгцэн оршиж байжээ. Тэдгээрийн дундаас дөрвөлжин булшны соёл, буган чулуун хөшөө, хиргисүүрийн соёлыг нэрлэж  болно. Газар зүйн байрлалын хувьд Буган чулуу хөшөө, хиргисүүрийн соёлынхон нь одоогийн Монгол улсын төв болон баруун хойд хэсэгт, Дөрвөлжин булшны соёлынхон нь төв болон зүүн, зүүн өмнө зүгт илүүтэй тархсан байдалтай оршиж байв. 

Монголын хүрэл зэвсгийн үеийг дотор нь: 

түрүү хүрэл  (НТӨ XXVII-XIX зуун)

хөгжингүй хүрэл (НТӨ XVIII-XV зуун) 

хожуу хүрэл (НТӨ XIV-VIII зуун) 

гэж хуваан үздэг. Хүрэл зэвсгийн үеийн өөр нэгэн томоохон дурсгал нь Монгол нутаг дахь хадны зураг юм. Хадны зургийн баялаг сан хөмрөг Монгол Улсын нутагт орших бөгөөд Алтай, Говь, Хангайн хэмээн бүсчлэн хуваадаг. Хадны зураг нь Монгол нутаг дахь хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн баялаг түүхийг хадгалж үлдээсэн өвөрмөц дурсгал юм. Буган чулуун хөшөө, хиргисүүр, дөрвөлжин булш, хадны зураг, түүвэр олдвор нь Монголын хүрэл, төмөр зэвсгийн үеийн түүхийг тодорхойлно. Монгол нутгаас олдсон хүрэл, төмрийн үеийн дурсгалууд нь технологийн хийгээд урлагийн хөгжлийн тод илэрхийлэл өндөр ур хийцтэй алт, хүрэл, ясан сийлбэр, цутгамлаараа алдартай. Мөн өгүүлэмж, технологийн боловсруулалт, урлалын чадвар, давтагдашгүй чанар, холбогдох аж ахуй, соёлын уялдаагаараа онцгой нэгэн урлагийн төрөл болно. 

Хүрэл, төмөр зэвсгийн үеийн дурсгалууд нь нийгмийн зэрэг зиндаа, давхаргыг илэрхийлэхээс гадна анхны төр улсын хэв шинжийг тодруулах боломжтой. Тэдгээр төр улсын хэв шинж бүрдэл нь хожмын нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннүгийн эзэнт улсын үндэс суурь болсон юм. Энэ нь монголын нүүдэлчдийн төрт улсын улбаа даруй гурван мянган жилийн тэртээгээс эхлэн бүрэлдэж эхэлснийг нотлох нэгэн жишээ мөн.