logo

“МОНГОЛ ДАХЬ ЭРТНИЙ ТӨРТ УЛС”-ын танхим

(Түрэгийн хаант улс, Уйгурын хаант улс)

Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт Жужаны хаант улсын дараа 555 онд харь угсааны Түрэгийн хаант улс, 745 онд Уйгурын хаант улс, 907 онд монгол угсааны Хятан улс байгуулагджээ. Түрэгийн хаант улсыг 555 онд Ашина овгийн удирдагч Буман байгуулж, газар нутаг нь Ижил мөрнөөс дорнодод Солонгосын хойг, умардад Байгал нуур, өмнөдөд Цагаан хэрэм хүртэл улс төрийн төв нь одоогийн Монгол Улсын Орхоны хөндийд оршиж байв. Түрэгүүдийн баруун зүгт хийсэн аян дайныг Буман хааны дүү Истеми толгойлж, Ижил мөрөн хүртэлх газар нутгийг эзлэн, Ябгу цолыг хүртэн Түрэгийн хаант улсын баруун хэсгийг захирах болсноор хожим баруун, зүүн Түрэгийн хаант улс хэмээн хуваагджээ. Түрэгүүд руни бичиг хэрэглэж, Орхон-Туулын сав нутагт төвлөрөн сууж, Тан, Византи, Иран зэрэг улс орон зэрэгцэн оршсон хүчирхэг эзэнт улс болов. Түрэгийн хаант улс нь эхэн үедээ монгол хэлийг ашиглаж байсан баримт бий. Түрэгийн хаант улсын алдартай хаад, язгууртнууд Билгэ хаан, Күл тигин жанжин, мэргэн Туньюкук нарын онгон зэрэг, дурсгалт газар өнөөгийн Монгол Улсын нутагт хадгалагдаж байна. Мөн олон зуун булш бунхан, тахилгын газар, бичээст хөшөө чулуу, хүн чулууг Монголын ард түмэн хадгалж ирсэн түүхтэй. 

Түрэгийн хаант улсыг залгамжлан Уйгурын хаант улс 745 онд Алтайн уулсын сав нутагт байгуулагджээ. Уйгурууд эрт цагт Хүннүгийн харьяанд байсан Өндөр тэрэгтэн хэмээх аймаг бөгөөд хаадын дээд язгуур нь шаньюйн угсааныхан юм. Тэдний хил хязгаар нь дорнодод Шивэй аймаг буюу Хянган уулс, өрнөдөд Алтайн уулс, өмнөдөд Их элсэн говь хүрч Хүннүгийн эзэнт улсын нутгийн хэмжээнд бараг хүрчээ. 750 оны үед Уйгурууд дотоодын хямралаа дарж, Моюнчур (747-759) хааны үед ихэд хүчирхэгжин 751 оноос одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр Орхоны хөндийд Орду балык (Хар балгас) хотыг байгуулж нийслэлээ болгожээ. Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотууд олныг байгуулан хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрдүүлжээ. Уйгурууд Согдын манихейн шашны урсгалыг нэвтрүүлж, торгоны их замд нөлөөгөө тогтоож, томоохон хэмжээний хот суурин байгуулан хөгжиж байсны ул мөр өнөөгийн Монгол Улсын нутгаас олдох түүхэн дурсгалуудаас тодорхой байна. Монгол нутаг дахь Уйгурын Хар балгас, Цагаан сүмийн балгас, Бийбулагийн балгас зэрэг томоохон хот, суурины үлдэгдэл хадгалагдаж байна. Мөн Уйгурын үеийн согд, түрэг, уйгур үсэг бүхий хөшөө чулуун дурсгал арвин ихээс гадна булш, бунхан нэлээд олддог.